Friday, June 6, 2008

Монгол Улсын Инфляцийн нөхцөл байдлыг шинжихүй

Инфляци, эдийн засгийн хэт хурдан өсөлт гэж юу вэ?
Инфляци гэж үнийн төвшний ерөнхий өсөлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан өсөлт гэж юуг хэлэх вэ? Энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хүчин чадал нь бараа, үйлчилгээний эрэлтийн хурдыг гүйцэж чадахгүй байгааг хэлнэ.

Монгол Улс инфляцийн үе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай өсөж байна уу? Дүгнэлт хийхээс өмнө гол шинж тэмдгийг авч үзье. Эдгээр гол шинж тэмдгүүдэд: (i) инцляцийн өсөлт, ялангуяа арилжааглагддаггүй зүйлс (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мөнгө болон хөрвөх эд хөрөнгийн өсөлт их байгаа, болон (iv) эдийн засаг дах хөгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгүүд Монгол улсад байна уу? Одоо шинжилж үзье.

Инфляци өсөж байна. 2007 оны 9 дүгээр сарын төгсгөлд Хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр инфляцийн төвшнийг хэмжиж үзэхэд өмнөх жилтэй харьцуулсан үзүүлэлт 13.1% (ӨЖХҮ), 2007 оны эхний үзүүлэлттэй харьцуулахад 12.2% буюу 2000 оноос хойш Монгол улсад инфляцийн хамгийн өндөр үзүүлэлттэй 9 дүгээр сар ажиглагдсан. 2007 оны 1 дүгээр сард инфляцийн төвшин (ӨЖХҮ) 4.2 хувьтай байсан. 9 дүгээр сарын эцэст боловсролын салбар, хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр ӨЖХҮ-ээр 20-иос илүү хувиар өссөн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ (ор хоногийн төлбөр) даруй 76 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. 2007 оны 4 дүгээр сард усны тарифыг дунджаар 74 хувиар өсгөсөн. Түүнчлэн хувийн хэвшлийн цалингийн жишиг болдог төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь эдийн засагт нийт цалинг нэмэгдүүлэх суурь нь болж өгсөн. Энэ нь хөдөлмөрийн хөлс, орлогыг ерөнхийд нь нэмэгдүүлсэн гэсэн үг юм.
Хэрэглээ өсөж байна. 2007 оны 9 дүгээр сард ӨЖХҮ олон жилийн дунджаар тооцсон үнийн өсөлтийн үзүүлэлт 70 хувьтай (13.1 хувийн үзүүлэлтээс 9 нь гэх мэт) байгааг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлаж болно. Ялангуяа дотооддоо үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүний үнэ 2007 оны 9 дүгээр сард ажиглагдсан инфляцийн төвшний 3-аас илүү хувийг эзэлж байсан (махны үнэ 9 дүгээр сард ӨЖХҮ-ээр 21 хувиар өссөн байсан). Өмнөх жилүүдэд Монгол улсад гарч байсан нийлүүлэлт талын гэнэтийн цочирдол (зуд гэх мэт)-оос болон махны нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс махны үнэ өссөн байх магадлалтай. Бензин болон тээврийн зардал нэмэгдэж байгаа нь үнийн төвшний ерөнхий өсөлтөд бас нөлөөлж байна. Ихэвчлэн ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа талх, овьёосны буудай 9 дүгээр сарын ӨЖХҮ-ийн 3.3 хувийг эзэлж байна. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг гэх мэт хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болсон учраас үр тарианы үйлдвэрлэл 2007 оны намар буурч, нийлүүлэлтийг багасган, улмаар үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Энэхүү хэрэглээний өсөлт тогтворжих хандлагатай байна, үүнд (i) төр нийгмийн шилжилт хөдөлгөөн, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх замаар засгийн газрын хэрэглээг нэмэгдүүлж байгаа; (ii) гадаадад ажиллаж байгаа монголчууд байнга эх орон руугаа мөнгө шилжүүлж байгаа; (iii) 2007 оны эхнээс НӨАТ-ыг 5 хувиар бууруулж, хүн амын орлогын албан татварыг өмнө мөрдөж байсан татварын хамгийн бага хэмжээ (10 хувь[1] )-гээр болгож бууруулсан явдал нөлөөлсөн. Гэхдээ хэрэглээний үнийн инфляцийн төвшин өндөр байх нь худалдан авах чадвар болон бодит хэрэглээг бууруулах хандлагатай байдаг.
Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх замаар Засгийн газар зарлагаа өсгөж, улмаар инфляцид нөлөөлж байгаа нь цэвэр төрийн байгууллагуудын нийт эрэлтэд нөлөөлөх байдлыг хязгаарлагдмал болгож байна. 2006 онд Засгийн газрын төсөв ашигтай гарч байсан хэдий ч 2007 онд цэвэр төсвийн нийт зарлага хязгаарлагдмал байна. Засгийн газрын төсвийн алдагдал ойролцоогоор 2 хувь байхаар тооцоолсон байна.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Энэ нь урт хугацааны турш инфляцийн сайн үзүүлэлт байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг юу бүрдүүлдэг вэ? Хоёр энгийн тодорхойлолт байна. Үүнд: 1-рт М1 буюу бага мөнгө, өөрөөр хэлбэл гүйлгээг хийж болох мөнгөн хөрөнгө (валют + 1 шөнийн хадгаламж), 2-рт М2 буюу нийт мөнгө, өөрөөр хэлбэл эргэлтэнд байгаа бэлэн мөнгө болон бүх хадгаламж орно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж байгаа нь мөнгөний бэлэн байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн 8 дугаар сард ӨЖХҮ-ээр даруй 2 дахин (+132 хувь) нэмэгдсэн нь эдийн засаг дахь мөнгөний хөрвөх чадвар нэмэгдэж, гадаадаас монгол ажилчид шилжүүлэг ихээр хийх болсонтой холбоотой: М2 2001 онд ДНБ-ний 26 хувийг эзэлж байсан бол 2006 оны эцэст ДНБ-ний 41 хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засаг дах мөнгөжүүлэлт нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бусад хөгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол улсын мөнгөжилтийн төвшин бага юм. Тухайлбал 2006 онд бага орлоготой орнуудын М2-ын ДНБ-тай харьцах харьцаа дунджаар 52 хувьтай байсан.
Тиймээс Монгол улсын эдийн засагт инфляцийн гол шинж тэмдгүүд байсаар байна. Гэвч энэ нь түр зуурынх уу эсвэл удаан хугацааны асуудал уу? Үүнийг сайн ойлгохын тулд бидэнд Монгол улс бизнесийн аль цикльд явна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад юу болж байгаа болон хөрш орнууд бас юу хийж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
Монгол улсын бизнесийн цикль хурдан өсөлтийн үе шатанд явж байна.
Тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг үйлдвэрлэл нь мөнгөн болон эд хөрөнгө, хүн хүч, технологи дээр үндэслэсэн байдаг. Үүнийг бүтээгдэхүүний гарцын хандлагын төвшин гэж нэрлэдэг. Гэхдээ аль ч үед бүтээгдэхүүний гарц, хандлагын утгатай тэнцүү байх албагүй. Байгууллагууд хэрэв бүрэн хүчин чадлаараа эсвэл үр ашигтай ажиллаж чадахгүй тохиолдолд бүтээгдэхүүний гарц, хандлагын төвшнөөс доогуур байна. Хэрэв байгууллагууд орлого өснө гэж мэдэрч чадвал тэд ажилчдаа илүү цагаар ажиллахыг ятгаж, машин тоног төхөөрөмжийг хүчин чадлаас нь илүүтэйгээр ажиллуулж чадна. Гэвч энэ байдал удаан үргэлжилж чадахгүй. Хэсэг хугацаанд хүчин зүйлс буюу үйлдвэрлэлийг эрчимтэй явуулбал бүтээгдэхүүний гарц хандлагаас илүү байна. Хандлагын эргэн тойронд байгаа бүтээгдэхүүний гарцын эдгээр хувьсал нь бизнесийн циклийг тодорхойлж байдаг. Бүтээгдэхүүний гарцын зөрүү буюу төлөвлөгдсөн бүтээгдэхүүний гарц, одоогийн ДНБ-ний хоорондын зөрөө нь бас бизнесийн циклийн хэмжүүр болдог. Бүтээгдэхүүний гарцын зөрөө нь эерэг, их байвал ДНБ нь төлөвлөгдсөн бүтээгдэхүүний гарцаас их хэмжээгээр илүү байдаг. Яагаад гэвэл машин, тоног төхөөрөмжийг илүү эрчимтэйгээр ашиглан, хүмүүсийг илүү ажиллуулсан ба нэмэлт эрэлт нь байгууллагуудыг илүү цагаа нэмэгдүүлж, өндөр цалин өгч, эсвэл машинуудыг бүрэн хүчин чадлаас нь илүү ажиллуулахыг шаарддаг. Тэгснээр байгууллагууд энэхүү нэмэгдэл зардлаа үнэ өсгөж шингээдэг. Ийм нөхцөлд инфляци өсөх хандлагатай байдаг. Дээрхи хүснэгтээс харвал Монгол улсад бүтээгдэхүүний гарцын зөрөө сүүлийн гурван жилд эерэг байсан байна.
Нийт эрэлтийн өсөлт нэмэгдэж, өсөлт нь хурдацтай байна. Хөрөнгө оруулалтын баримтаас харвал хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Үүнд: (i) үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт хүчтэй байна, үнэ тогтмол буюу 13.6 хувьтай, үйлдвэрлэл бараг 34 хувиар нэмэгдсэн (8 дугаар сард ӨЖХҮ); (ii) гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтворжиж байгаа; (iii) зээлийн хүүгийн хэмжээ буурч байгаа (дээр Зураг 5-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нөлөөлж байна; (iv) 2007 оны 1 дүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болсон, аж ахуйн нэгжийн орлогын 2 төрлийн татварыг тус бүр 5 хувиар бууруулсан (татварын өндөр төвшнийг 30 дахин нэмэгдүүлсэн босго тогтоосон) нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, тэдний зарлагаа нөхөх байдлыг нэмэгдүүлэх юм; (v) эцэст нь төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 2006 онд 7 хувьтай байсан ДНБ-ыг 2007 онд 13 хувьтай байлгахаар төлөвлөгдсөн байна.
Нийтийн хэрэглээний зүйлс болон үндсэн үйлчилгээний тарифын зохицуулалт хийгдсэн нь Хэрэглээний үнийн индекс өсөхөд бас нөлөөлсөн. 9 дүгээр сарын эцэст боловсролын салбарт хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр 20-иос илүү хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ (ор хоногийн мөнгө) 76 хувиар өсчээ. 2007 оны 4 дүгээр сард усны тарифиыг дунджаар 74 хувь болгож нэмэгдүүлсэн.
Гадаад хадгаламжийн урсгал Монгол улс руу орж ирж байгаа нь нийт эрэлт болон инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна. Харилцах данс нь 2-р улиралд алдагдалтай байгаа бөгөөд импорт нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт, хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспорт багассаныг харуулж байна. Энэ нь алтны албан ёсны экспортын тонноор илэрхийлэгдэх хэмжээ (ӨЖХҮ-ээр -21 хувьтай байна), үнэ (ӨЖХҮ-ээр -17 хувьтай байна) [2] буурсантай холбоотой. Импортын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой (2 дугаар улиралд 128 сая ам.доллар байгаа нь ӨЖХҮ-ээр +30 хувьтай байна). Импортын өсөлт нь дэд бүтцийн хөгжилд саад болж байгаа зүйл (ялангуяа төмөр замын тээвэр)-ийг сайжруулах талтай. Жишээлбэл: төмөр замаар орж ирж байгаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн (8 дугаар сард ӨЖХҮ-ээр 19-тай байсан). 8 дугаар сард гадаад валютын цэвэр нөөц даруй 2 дахин нэмэгдэж (+132 хувь), улмаар эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлсэн (Зураг).
Нийлүүлэлтийн тал дээр хөгжлийн саад болж байгаа зүйлс нэмэгдэж байна. Дотоодын зах зээлд, хэдийгээр жилийн цалин, орлогын мэдээ байхгүй байгаа ч дараахь мэдээллээс харахад эдийн засаг дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэхээр байна: хувийн секторын цалингийн жишиг болдог төрийн байгууллагуудын цалин нэмэгдэж байгаа нь цаашид эдийн засаг дахь нийт цалинг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Түүнчлэн байгаа үзүүлэлтүүдээс харвал ажиллах хүчний эрэлт нэмэгдэхээр байна: бүртгэлтэй ажилгүй байгаа хүмүүсийн тоо 3.5 хувиар буурч, үйлдвэрт ажиллагсдын тоо 2007 оны 8 дугаар сард (ӨЖХҮ) 7 хувиар өссөн байна. Барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал өссөн нь богино хугацаанд цементийн хомсдол үүссэнтэй холбоотой бөгөөд энэ нь 6 дугаар сараас хойш үнийг 70-аас дээш хувиар өсөхөд хүргэсэн. Энэхүү огцом өсөлт нь 3 хүчин зүйлээс шалтгаалсан. Үүнд: (i) БНХАУ экспортын цемент, ган палка-ны экспортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр саяхан гаргасан; (ii) богино хугацааны дотоодын үйлдвэрлэлийн хомсдол гарсан (энэ нь дотоодын цементийн үйлдвэрийг шинэчилснээс болсон), (iii) БНХАУ-ын хилээр дамжин өнгөрөх асуудлаас болон цементийн импорт саатсан[3] . Олон улсын хүрээнд саяхан гадаадын томоохон хамтрагчдын валютын эсрэг валютын нэрлэсэн ханш суларсан нь импортын барааны зардал өсөхөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн (дээрхийг үзнэ үү). Хятадын Юанийн ханш чангарч байгаа нь Монголын үнийн өсөлтөд цаашид нөлөөлсөн хэвээр байх төлөвтэй байна.
Хурдан өсөж байгаа бусад орнуудад юу болж байна вэ? БНХАУ-ыг авч үзье. Зээлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Хятадын эрх баригчид дотоодын болон гадаадын банкуудыг жилийн эцэст төлөгдөхөөр хүлээгдэж байгаа зээлийн хэмжээг 10 дугаар сарын 31-ны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг шаардсан. Яагаад? Энэ жилийн эхний 9 сарын турш ДНБ-ий өсөлт 11.5 хувьтай байсан ба хүнсний бүтээгдэхүүн болон бензиний үнэ нэмэгдсэнээр 10 дугаар сарын эцэст инфляцийн төвшинг 6.5 хувьд хүргэсэн нь сүүлийн 10 жилд байхгүй өндөр үзүүлэлт байсан. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар их байсан ба М2-ын өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад 18.4 хувьтай байсан. БНЭУ-д гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр өнгөрсөн 1 дүгээр сараас хойш тус улсын валют 10 хувиар чангарахад нөлөөлсөн (9.5 хувьтай байна гэж тооцоолсон байсан) төдийгүй мөнгөний нийлүүлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 22 хувьд хүргэсэн нь Энэтхэгийн албаны хүмүүсийг анхаарлаа улам их хандуулахыг харуулж байгаа юм. Мөнгө болон хөрвөх хөрөнгийг цуглуулж авахын тулд Энэтхэгийн төв банк нөөцийн харьцаа (Төв банкинд хадгалуулах ёстой мөнгөний хэмжээ)-г нэмэгдүүлж, бонд гарган капиталын орж ирэх урсгалыг хянахын тулд хориглосон арга хэмжээнүүд авсан.
Нийлүүлэлтийн зарим дарамтууд дэлхийн хэмжээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй бөгөөд сүүлийн 3 жилд био-түлш гарган авах үр тарианы хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хүнсний бүтээгдэхүүний үнэ 26 хувиар өссөн.
· Эрдэнэ шиш (40 хувиар өссөн), ногооны тос, тухайлбал дал модны тос (55 хувиар өссөн), сояа буурцагны тос (30 хувиар өссөн) гэх мэт био түлшний бэлдмэл болох үр тарианы үнийн өсөлт хамгийн их байсан. Мөн эрдэнэ шиш, тосны ургамлуудтай адил ихээхэн талбай шаарддаг буудай (53 хувиар өссөн) үүнд орно.
· Хөгжиж буй орнуудад эрэлтийн огцом өсөлт, эрчим хүчний үнэ, бордооны үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас бага арилжаалагддаг хүнсний бүтээгдэхүүн: мах, жимс, ногооны үнэ нэмэгдсэнээс дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болоход хүргэсэн.

Хэдийгээр дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн нийт индекс сүүлийн гурван жилд 26 хувиар өссөн ч үр тариа, тосны ургамал, элсэн чихрийн үнэ улам ихээр нэмэгдсэн.
· Эрдэнэ шишийн үнэ ойролцоогоор 40 хувиар өссөн, зөвхөн АНУ-ын түлшний этанолын үйлдвэрлэлийн хэмжээ 11-ээс 25 хувь болж өссөн (дэлхийн хэмжээнд 5-11 хувиар өссөн)
· Дал модны болон сояа тосыг био түлшинд ашигладаг бөгөөд тэдгээрийн үнэ 55 ба 30 хувиар тус тус өссөн байна.
· Элсэн чихрийн үнэ 41 хувиар өссөн нь био түлшний хэрэглээ нэмэгдсэн, мөн Бразил, Тайланд гэх мэт ихэнх үйлдвэрлэгч улс орнуудад ган гачиг тохиолдсонтой холбоотой.
· Ихэнх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт био түлшнинд ордог үр тарианы үнийн өсөлтөөс болсон ч үүнд буудайны үнийн өсөлт 53 хувиар нэмэгдсэн бас орно. Энэ нь буудайны оронд эрдэнэ шиш, тосны ургамлууд тариалах болсон, буудай экспортлодог томоохон улс орнуудад ган гачиг тохиолдсоны улмаас дэлхийн хэмжээнд буудайн нөөц багассантай холбоотой юм.
· Будаа нь био түлшинд ордог хүнсний үр тарианы өсөлтийн нөлөөнд автаагүй ч будааны үнэ 36 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Тайландын бахт, Тайландын засгийн газрын нөөцийн бодлого, болон Зүүн өмнөд Азийн импортын өсөлттэй холбоотой юм.

Эцсийн дүгнэлт, ажиглалтууд:
Дээрх ярьсан бүх зүйлийг нэгтгээд бид ямар дүгнэлтэд хүрч болох вэ?

Үүнээс нэг гол дүгнэлт хийж болох бөгөөд энэ нь ХҮИ-ийн өсөлт болон инфляцийн мэдрэмж нь үнийн харьцангуй өөрчлөлттэй ихээхэн холбоотой байна. Хүнсний хэрэглээний өсөлт нь эрэлтийн гэнэтийн цочрооноос үүсдэг (үр тариаг био түлшинд ашиглах) бол нийлүүлэлт нь Тосны хувьд мөн л эрэлт, нийлүүлэлтийн гэнэтийн цочроо (Иракийн дайн, дэлхийн хэмжээний өсөлт)-гоор хязгаарлагддаг. Үүнийг үнийн ерөнхий өсөлтөөс ялгаж ойлгох хэрэгтэй. Мөн түүнчлэн арилжаалагддаггүй зүйл жишээлбэл эмнэлгийн үйлчилгээ, сургалтын төлбөрийн өсөлт, болон бусад хураамжууд нь ихэвчлэн удирдлага захиргаатай холбоотой болохоос инфляцитай холбоогүй. Зүгээр ХҮИ-ийг харах юм бол асуудлыг хэтрүүлж болох юм. Үнийн харьцангуй өсөлт нь хэмжиж байгаа ХҮИ-д өсөж байгаа мэтээр гарах боловч харьцангуй хямд үнэтэй бараа руу шилжиж байгаа эрэлтийг сайн оруулж тооцоогүй байдаг.

Харилцах дансны алдагдал харьцангуй бага байдаг. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт л ихэд анхаарч үзүүштэй. Төсвийн бодлого агшаахаас илүү тэлэх (өдөөх) хандлагатай байгаа нь цагаа олсон бодлого биш бололтой, гэхдээ үүнийг өөрчлөхөд хэцүү. Жишээлбэл: татварын бодлогын арга хэмжээ гэх мэт.

Эрэлтийн дарамтыг хадгалахын тулд Засгийн газарт дараахь сонголтууд байна: (i) зарлагыг багасгах (төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн өргөтгөлийг багасгах); (ii) төгрөгийг чангаруулснаар импортын инфляцийг удаашруулж, мөнгө болон хөрвөх эд хөрөнгийн нэмэгдлийг удаашруулах; (iii) нөөцийн их өндөр хэмжээний шаардлагыг бий болгох буюу нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах замаар мөнгөний орж ирэх урсгалын муу нөлөөг багасгахад (ингэснээр зээлийн хүү өсөж, хувийн хэвшлийн зарлага багасна) тусална. Хамгийн чухал нь Монгол улсад өнөөдөр эдийн засгийн өргөтгөлийг тогтвортой байдлаар[4] хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

[1] Жилийн орлогын статистик мэдээ нь хувийн хэрэглээний сайн үзүүлэлт болж чадах боловч, тийм мэдээлэл байсангүй.
[2] Алтны албан ёсны экспорт буурсан нь алтны нийт экспортын хэмжээтэй адил байна гэсэн үг биш юм. Алтны экспортын зарим хэсгийг гэнэтийн ашгийн татвар төлөхгүйн тулд хулгайгаар хил давуулж, олон улсын зах зээл дээр татваргүй алт зарж ашиг олж байгаа явдал бий.
[3] Энэ нь 2007 оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр болсон татварын хуульд оруулсан бодлогын арга хэмжээнүүдийн нэг юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөх явдлыг болиулах, алдагдлыг шилжүүлэн тооцох аргыг шинээр заалт болгон оруулах зэрэг арга хэмжээ авсан нь нийт нийлүүлэлтийг хөөрөгдсөн.[4]Энэхүү бодлогын баримтыг Дэлхийн банкны эдийн засгийн баг бэлтгэсэн болно

No comments: